Monday, August 19, 2019

УЛС ТӨРИЙН СОЦИОЛОГИЙН УХААНЫГ ҮНДЭСЛЭГЧ МАКС ВЕБЕР

Максимилиан Карл Эмил Вебер (Герман хэлнээ: Maximilian Carl Emil Weber; 1864 оны дөрөвдүгээр сарын 21 нд Пруссын Эрфурт хотноо — 1920 оны зургаадугаар сарын 14 нд Германы Мюнхэн хотноо) нь дэлхий дахинаа Макс Вебер нэрээр алдаршсан Германы алдарт социологич, гүн ухаантан, түүхч, улс төрийн эдийн засагч нэгэн болно. Нийгмийн шинжлэх ухаан, тэр дундаа улс төрийн социологийн ухааны үүсэл, хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлсэн сэхээрэлт авгай болно. Өрнө Дахинд түүнийг Карл Маркс, Эмил Дюрхэйм нарын зэрэгцээ социологийн ухааныг үндэслэгч гэж үздэг.  
Вебер “нийгмийн үйлдэл” гэх ойлголтыг шинжлэх ухааны хэрэглээнд анх нэвтрүүлсэн. Позитивист үзэл санааг үгүйсгэж нийгмийн үйлдлийг судлахад эмпирик төдийгүй тайлбарлагч арга онцгой шаардлагатай гэж үзсэн. Энэ үүднээс ойлгогдогч социологийн үзэл баримтлалыг хөгжүүлсэн байна. Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд шилжих үйл явцыг судалгааны үндсэн судлагдахуун болгосон. Нийгмийн хөгжлийн капиталист үе шатан дахь протестант ёс суртахуунаар томоохон судалгаа хийсэн. Эдийн засгийн болон шашны социологийн уулзвар зааг дээр бичигдсэн «Протестант ёс зүй ба капитализмийн мөн чанар» зохиол 1905 онд олны хүртээл болсон байна. Марксист түүхэн материализмын онолыг үгүйсгэхийн зэрэгцээ шашны зүгээс үзүүлэх соёлын нөлөөг чухалчилж, аж ахуйн капиталист хэлбэрийн үүслийг тайлбарласан. Энэтхэг, Хятад, эртний Еврей ард түмний шашин шүтлэгийн үйл явцыг судлаад дэлхий дахин соёлын хувьд Өрнө, Дорно гэсэн хоёр хэсэгт хуваагдахад чухал нөлөөтэй байсныг онцолжээ.
«Улс төр бол мэргэшил болох нь» (1919 он) бүтээлдээ төрийг хүчирхийллийг хууль ёсоор хэрэглэх давуу эрх эзэмшсэн институт мөн гэж тодорхойлжээ. Нийгмийн эрх мэдлийн хэв шинжид ангилал хийж, өнөөгийн төр рациол-эрх зүйт хэв шинжид тулгуурладаг болохыг дурдсан.
Шинжлэх ухааны ажлын зэрэгцээ Вебер улс төрийн амьдралд нөлөө бүхий нэгэн байв. Дэлхийн I дайны дараагаар Германы Либерал Ардчилсан Нам байгуулагдахад идэвхийлэн оролцсон байна. Шинэ үндсэн хууль боловсруулах ажлын хэсэгт зөвлөхийн журмаар оролцож байв. Гэвч их эрдэмтэн 1920 онд уушигны хатгалгаа, Испани ханиадны хавсарсан өвчинд нэрвэгдэн 56 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний дүү Алфрэд Вебер ахын нэгэн адил нийгмийн шинжлэх ухааны судлаач болсон байна.
Цадаг намтар
Вебер 1864 онд Тюринг хотын төв Эрфуртад мэндэлсэн. Үндэсний Либерал Ардчилсан Намын гишүүн, төрийн чинээлэг албан хаагч том Макс Веберийн долоон хүүхдийн ууган нь болж мэндэлсэн. Харин эх нь Францын Гугенотуудын хойчис болно. Элена Вебер бүхий л амьдралынхаа туршид ёс суртахууны зарчмаа баримталсаар ирсэн юм. Том Вебер гэр бүлийн хүрээнд улс төрийн юм уу шинжлэх ухааны сэдвээр мэтгэлцээн өрнүүлж, нэрд гарсан эрдэмтэн, мэргэдийг гэртээ урьж, бие махбодын таашаал эдлэхийг чухалагч нэгэн байв. Социологич, эдийн засагч мэргэжил сонгосон Макс болон Алфрэд Вебер нар гэр бүлийн энэ хүрээнд хүмүүжсэн юм. Эхийнх нь хувьд бие махбодын жаргалаас хөндийрч бүхий л амьдралаа бясалгал оюуны сахилга батад зориулжээ. 1876 оны зул сарын баяраар эцэг, эх нь арван гурван настай хүүдээ түүхэн сэдэвтэй хоёр эсээ бэлэглэжээ. Гэвч бяцхан хүүд ямар ч сэтгэгдэл төрүүлээгүй төдийгүй харин ч жигших, эцэг, эхийн хяналтаас гадуур хориотой ном унших сэдлийг төрүүлжээ. Анхных нь болгож Гётегийн дөчин дэвтэр түүвэр зохиолыг уншсан байна.. Их сургуульд дэвшин орох хүртлээ Макс Вебер олон арван сонгодог зохиолтой танилцсан байдаг. Веберийн амьдралд тохиосон олон золгүй явдлын эх сурвалж нь түүний эцэг, эхийн харилцаанд оршиж байв.
1882 онд Вебер Хэйдэлбэргийн Их Сургуулийн хууль цаазын салбарт дэвшин орлоо. Нэг жил цэргийн алба хаасны сүүлээр Берлины Их Сургуульд шилжин суурьшив. Суралцах хугацаандаа Вебер шар айраг залгилж, хөгжим сонсох хэлбэрээр өнгөрөөжээ. Гэр бүлийн хүрээнд өрнөсөн маргаан нь Веберийн эхийн талд ороход нь нөлөөлж, тэр хэрээрээ эцгээсээ хөндийрч байв.  Их сургуульд сурахын зэрэгцээ өмгөөлөгчийн туслахаар ажилласан байна. 1886 онд шалгалт өгч, өмгөөлөл үзүүлэх бүрэн эрхтэй болжээ. Улмаар 1880-аад оны сүүл үеэс эрх зүй, түүх үргэлжлүүлэн судалсан байна. 1889 онд хууль цаазын ухааны докторын зэрэг горилж, Берлины Их Сургуульд багшлахын сацуу засгийн газар зөвлөгөө өгөх болжээ.
Сүүлээр нийгмийн асуудал шимтэн сонирхох болсон юм. Энэ үүднээс 1888 онд Нийгмийн Бодлогын Холбоонд элсэн орсон байна. Энэ холбооны гишүүд эдийн засгийн шинжлэх ухаан нь өөрийн цаг үеийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэмсэг байх ёстой гэж үздэг байв. Улс төрийн үзэгдэлд шүүмжлэлт байр сууринаас хандаж, баруун төвийн Евангелийн Нийгмийн Конгресс байгууллагад элсэв. 1890 онд Нийгмийн Бодлогын Холбооны хүсэлтийн дагуу Германы өрнө зүгийн хотуудад Польшийн фермерүүд олноор нүүдэллэх болсон асуудлыг судалжээ. Судалгааны бүхэл бүтэн баг ахлаж, томоохон ажил олны хүртээл болгосон нь нийгмийн зүгээс ихээхэн сонирхогдож, Веберийн нэр хүндийг өргөжээ. Энэ бол Веберийн социологийн салбар дахь томоохон эрдэмтэн болохыг нотолёон анхны ажил байлаа. 1893-1899 онуудад Макс Вебер хэт барууны Нармай Герман Улс Холбоонд гишүүнээр элсч, польш иргэдийн цагаачлалыг зогсоох хэрэгтэй гэж үзсэн байна. Улмаар бусад үндэстэн, угсаатны германчлах үзэл санааг сурталчлах болов. 1895 онд нийтлүүлсэн «Үндэсний улс ба эдийн засгийн бодлого» бүтээлдээ польшийн цагаачдын эсрэг эрс дайсагнасан хандлага гаргаж, үүссэн нөхцөл байдалд юнкерууд буруутай гэсэн дүгнэлт хийжээ.
1893 онд Вебер холын садангийн охин Марианна Шнитгэр гэгчтэй ураглажээ. Сүүлээр уг эмэгтэй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч болсон юм. Нөхрийгөө үхсний сүүлээр бүтээлүүдийг нь нийтэлж, цадаг намтрыг нь нэгмөрчилсөн байна. Шнитгэртэй урагласнаар олон жилийн туршид хүлээсэн санхүүгийн бие даасан байдлыг Веберт олгосон байна. 1894 онд эхнэрийн хамт Фрайбург руу шилжиж, их сургуульд эдийн засгийн ухаан заах болжээ. Хоёр жилийн дараа Хэйдэлбэргийн Их Сургууль руу шилжсэн байна. Энд байхдаа Вебер ихээхэн нэр олж, Марианна, Георг Еллинек, Эрнст Трёльч, Вэрнэр Зомбарт, Марк Блок, Робэрто Михельс, Дьёрд Лукач нарын олон хүмүүсийг үзэл бодлын хувьд нэгтгэсэн байна. Нийгмийн Бодлогын Холбоо болон Евангелийн Конгрессийн үйл ажиллагааг үргэлжлүүлж Вебер эдийн засаг, эрх зүйн түүх судлах болжээ.
Хүүтэйгээ ширүүн маргаснаас хойш хоёр сарын дараа эцэг том Вебер 1897 онд амиа хорложээ. Энэ байдалд хүүд нь сөргөөр нөлөөлж бие махбодын хувьд илтэд дордож, багшлах ажлаа орхисон байна. Эрүүл мэндийн байдал муудсан Вебер 1900 оны сүүлээр Итали руу аялж, 1902 оны хавар Хайдэлбэргтээ эргэн иржээ. Дараагийн жил нь багшлах саналаас татгалзаж 1919 он хүртэл энэ төрлийн ажил хийгээгүй юм. Хэрэв 1890-ээд оны эхэн үед Вебер үлэмж идэвхтэй байсан бол 1898-1902 онуудад нэг ч бүтээл нийтлүүлсэнгүй. Үүгээр ч үл барам 1903 онд профессорын ажлаас бүрэн чөлөөлөгдсөн байна. 1904 онд АНУ руу аялж, Урлаг, Шинжлэх Ухааны Конгресст оролцохын зэрэгцээ Сэнт-Луис дахь дэлхийн үзэсгэлэнд хөл тавьжээ. Хэдийгээр эрүүл мэндийн байдал дээрдэж байсан боловч санхүүгийн хувьд гачигдмал хэвээр байв. 1907 онд өв залгамжлалын эрх үүссэнээр энэ байдлаас гарсан байна. 1909 онд Нийгмийн Бодлогын Холбооны үйл ажиллагаанд оролцохоо больж, Рудольф Голдшид, Георг Зиммэл, Фердинанд Тэннис, Вэрнэр Зомбарт нартай хамтран Германы Социологийн Холбоог үүсгэн байгуулжээ. Тэрээр энэ холбооны анхны санхүү эрхэлсэн хүн байв. 1912 онд уг холбооноос гарч, тусдаа нам байгуулахыг оролдсон ч амжилт олсонгүй.
Улс төрийн үйл ажиллагаа
Дэлхийн I дайн эхэлсний дараа тавин настай Макс Вебер цэргийн албанд сайн дураар татагдаж, нөөцийн армийн офицер болжээ. Армид алба хаах хугацаандаа 1915 оны шувтарга хүртэл Хайдэлбэрг дахь армийн эмнэлэгийн зохион байгуулалтыг гардан удирдсан байна. Дайны хүнд хэцүү жилүүдэд түүний Германы эзэнт гүрний түрэмгий бодлого, үйл ажиллагааны талаарх бодол өөрчлөгдсөн байдаг. Дайн эхлэхэд Вебер үндэсхэрхэг байр сууринд байж, Герман улс дайн оролцохын төлөө байлаа. Дайнд оролцох нь Герман улс их гүрний үүргээ нэр төртэй биелүүлж буй хэрэг мөн гэж үзсэн байна. Сүүлээр үзэл бодолд томоохон өөрчлөлт бий болж, эзэнт улсын түрэмгий бодлого, кайзерын цэргийн үйл ажиллагааг хурцаар шүүмжилж эхэлсэн. Бельги улсыг булаан эзлэх, усан дор дайныг шатлан өргөжүүлэх үзэл санааг олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж байв. Хэсэг хугацааны дараа Вебер үндсэн хуулиа шинэчлэх, Германы улс төрийн амьдралыг ардчилах, бүх нийтэд сонгуулийн эрх олгохын төлөө тэмцэх болсон юм.
1918 онд Вебер Хайдэлбэргийн Ажилчин, Цэргийн Зөвлөлд нэгдсэн байна. Дараагийн жил нь Германы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Парижийн энх тайвны бага хуралд оролцжээ. Үндсэн хууль боловсруулах аждын хэсэгт зөвлөх байсны хувьд Веймарын Герман улсын үндсэн хуульд хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Вебер АНУ-ын улс төрийн тогтолцооны мөн чанарыг сайтар ухан ойлгож, төрийн албаны хүнд суртлыг амжилттай сөрж чадахуйц хүчтэй сонгуульт ерөнхийлөгчийн засаглалын төлөө ажилласан байна. Вебер ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч байсан уу гэдэг өнөөдрийг хүртэл маргаантай байна. Веймарын үндсэн хуулийн 48-р зүйлд сүүлээр Адольф Хитлэр засаг төрийн эрхэнд гарч, тоталитар дэглэм тогтоосон үндсэн хуулийн зохицуулалт тусгагдсан байдаг.
Вебер үндэслэгч нь байсан тул Германы Либерал Ардчилсан Намаас хууль тогтоох хуралд сонгогдох гэж олонтоо оролдсон байдаг. Арваннэгдүгээр сарын хувьсгал болон Версалийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурахын эсрэг байснаараа Германы улс төрийн бүх хүчний эсрэг зогссон юм. Энэ байр суурь нь хожим социал-демократ намаас ерөнхийлөгчөөр сонгогдсон Фридрих Эбэртийн үед төрийн албанд орох боломжийг нь хаасан байна. Нэрт эрдэмтэн Вебер нийгэмд нөлөө бүхий нэгэн байсан боловч урьдын адил улс төрийн амьдралд нөлөөлж огтоос чадахгүй байв.
Улс төрийн амьдралаас залхсан Вебер 1919 онд багшлах ажилдаа эргэн орсон юм. Хэдэн сар ажилласны эцэст Вен хотоос Мюнхэн руу шилжсэн байна. Мюнхэнд Германы анхны социологийн хүрээлэнг толгойлсон байдаг. Түүний сүүлийн лекцүүд «Шинжлэх ухаан мэргэшил болох нь» (Wissenschaft als Beruf, 1918), «Улс төр бол мэргэшил болох нь» (Politik als Beruf, 1919), «Эдийн засгийн ерөнхий түүх» (Wirtschaftsgeschichte, 1923) зэрэг зохиолуудад тусгалаа олсон байдаг. Баварын нөхөд, Веберийн оюутнууд арваннэгдүгээр сарын хувьсгалын талаарх түүний байр суурийг хурцаар шүүмжилж, хэт барууны үзэл бодол бүхий оюутны төлөөлөгчид их эрдэмтний гэрийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байдаг. Мюнхэн хотноо Испани ханиад туссан Вебер 1920 оны зургаадугаар сарын 14 нд уушигны хатгалгаагаар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Бие барахын өмнө өөрийн magnum opus «Аж ахуй ба нийгэм» (Wirtschaft und Gesellschaft) дээрээ ажилласан бөгөөд 1921-1922 онуудад уг бүтээл олны хүртээл болсон байна.
Улс төрийн социологи
 «Улс төр бол мэргэшил болох нь» зохиол бичсэн нь Веберийн улс төрийн социологийн салбарт гаргасан гол бүтээл юм. Төр гэдгийг Вебер хүчирхийллийг хууль ёсны хүрээнд хэрэглэх давуу эрхтэй институт мөн гэж тодорхойлжээ. Улс төр гэгч нь нийгмийн олон янзын бүлгүүдийн дунд эрх мэдэл хуваарилах үйл явц бөгөөд эдгээр бүлгийн удирдагч нар улс төрийн засаглалыг эзэмшидэг гэжээ. Улс төрч хүн санваартан биш учир христын ёс суртахууны үнэт зүйл баримжаалах албагүй. Гэхдээ улс төрч хүн тогтсон итгэл үнэмшилтэй, хариуцлагын ёс зүйтэй байна. Улс төрийн үйл ажиллагаа хүнийг удирдан зохион байгуулах чадвартай болгохын зэрэгцээ ажилдаа шунан дурлах нөхцөлийг шаарддаг байна.
Вебер улс төрийн засаглалын гурван төгс хэв шинжийг гаргасан. Үүнд;
1.      Гэр бүл, шашин, эрх мэдлийн институтад түгээмэл байх харизматик хэв шинж;
2.      Патриархаль, патримониаль, феодалийн гэх мэт уламжлалт хэв шинж;
3.      Бюрократи, орчин үеийн төрд байх рационал-эрх зүйт хэв шинж.  
Энэхүү хандлага нь засаглалын харилцааны түүхэн үйл явцыг зураглах боломж олгодог байна. Харизматик засаглалын хэв шинж нь илүү тогтвортгүй, бүтэцлэгдсэн хэлбэртэй байдаг гэжээ. Уламжлалт хэв шинж нь хувьсгалт өөрчлөлтийг сөрөх боломжийг хошуучлагчдад олгодог байна. Нийгмийн хөгжлийн явцад рационал-эрх зүйн хэв шинжийн засаглалд эвшин орох нь зайлбаргүй. Ийм хэв шинжийн онцлог тал нь төрийн албаны бүтцэд хэрэглэж болдогт оршино. Ийнхүү Вебер засаглалын харилцааг нийгмийн хөгжлийнг салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үзсэн байна.
«Аж ахуй ба нийгэм» гэх бүтээлдээ төрийн удирдлагын олон хэлбэрийг гаргасан байна. Нийгмийн бюрократи үйл явцыг судалсан нь түүний үндсэн агуулга юм. Төрийн албаны тухай ойлголтыг анх удаа шинжлэх ухааны хүрээнд үндсэн судлагдахуун болгож гаргаж ирсэн байдаг. Төрийн алба мэргэшсэн бюрократи шинжийг өөртөө агуулах болсон нь Өрнөдийн орнууд орчин үежихэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна. Бюрократи бүтэц бий болоход хүргэх дараах хэд хэдэн нөхцөл байна. Үүнд;
·         Захиргааны нутаг дэвсгэр, тэдгээрт ажиллах албан хаагчдын тоо байнга өсөн нэмэгдэх
·         Захиргааны зүгээс хэрэгжүүлж буй чиг үүрэг нарийсч, улам бүр мэргэшлийн шинжтэй болох
·         Эдийн засаг, таваар, мөнгөний харилцаа хөгжих зэргийг багтаасан байна.
Харилцаа, холбооны хэрэгсэл нарийсч хөгжихийн хэрээр төрийн удирдлагад үр ашигт шинж давамгайлж, түүнийгээ дагаад нийгмийг ардчилах шаардлага үүснэ. Шатлан захирах бүтэцтэй байх, мэдлэг чадвар шаардах, үйл ажиллагааны бэлээхэн дүрэм журам бий болох, төвч байдлыг шаардсан хэм хэмжээ нэмэгдэх зэрэг нь Веберийн үзсэнээр төгс бюрократ тогтолцооны шинж юм. Төрийн албан хаагчид тусгай сургалтаар бэлтгэгдэж, мэргэшлийн үндсэн дээр ахиж дэвших боломж бий болно. Хэдийгээр орчин үеийн төрийн удирдлагын түгээмэл, үр ашигтай хэлбэр нь бюрократ мөн боловч хувь хүний эрх, эрх чөлөөнд аюул учруулж болохыг Вебер үгүйсгээгүй. Нийгэм өөрөө зохион байгуулалтад орохын хэрээр хүн бюрократи бүтцийн эрэг шурга болж хувирна. Төрийн албан хаагчдын энэ бүтцийг хяналттай байлгахад хүчтэй улс төрч, үйлдвэр эрхлэгчид байх шаардлагатай гэж Вебер үзсэн (Вебер 2007).
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд манай улсад улс төрийн социологи шинжлэха ухааны мэдлэг болохын хувьд зөвхөн хэлбэршин бүрэлдэх шатандаа байна. Цаашид энэ чиглэлийн судалгаа далайцтай хөгжинө гэдэгт гүнээ итгэнэ. Их, дээд сургуулийн сургалтын хүрээнд хуруу дарам хэрэглэгдэхүүн ашиглагдаж байгаагийн нэг нь МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Цэрэндашийн Батболдын бичсэн «Улс төрийн социологийн онолын үндэс» зохиол (Батболд 2018) болно.

Эх сурвалжийн жагсаалт

Батболд, Ц. 2018. Улс төрийн социологийн онолын үндэс . Редактор: Социологийн ухааны доктор Г. Түмэннаст, Улаанбаатар хот : МУИС-ийн хэвлэх үйлдвэр.
Вебер, Марианна. 2007. Жизнь и творчество Макса Вебера. Москва : РОССПЭН.

БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

No comments:

Post a Comment